"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайд нүүрс зөөвөрлөх 12.6 км урт конвейер ашиглалтад орлоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд нүүрс зөөвөрлөх 12.6 км урттай конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийг өчигдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж байгаа бөгөөд тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 90 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэл бүрэн хаагдаж байна. Конвейер ашиглалт орохоос өмнө машинаар жилд 10 сая тонн нүүрс тээвэрлэж байсан юм. Тэгвэл одоо тээвэрлэлтийн зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байгаа ажээ. Нээлтийн ажиллагаанд ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлснээс гадна цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч буйгаа компанийн удирдлагууд түүнд танилцуулсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны долоодугаар сард тус уурхайд ажиллаж, нүүрсний үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд компани 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







